Site icon Chichuge.mn

ТРАМПЫН СҮРДҮҮЛЭГ, ИРАНЫ МУЙХАРЛАЛ, ИЗРАЙЛЫН ЗӨРҮҮДЛЭЛ

Ням гаригт АНУ, Ираны төлөөлөгчид гал зогсоох яриа хэлэлцээг Швейцарийн Люцерн нуурын эрэгт
Бюргеншток уулын оройд орших Бюргеншток амралтын газарт эхлүүлээд байсан ч ерөнхийлөгч
Дональд Трампын ээлжит сүрдүүлгийн дараа Ираны тал уулзалтын танхимаас гарч явсан байна.
Швейцарийн Холбооны улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээр өнгөрсөн Ням гаригт буюу
зургадугаар сарын 21-нд талуудын мэдэгдэл зөрж, хэлэлцээ цуцлагдах дээрээ тулж ирсэн нь үнэн
байна. АНУ, Ираны Ням гаригийн мэдэгдлүүд зөрсөн нь Д.Трампын сүрдүүлэгтэй холбоотой ажээ.
Хэлэлцээ эхлэхтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сошиал хуудсаараа дамжуулан
“Иран Ливан дахь Хезболла зэвсэгт бүлэглэл тэмцлээ зогсоохгүй бол өнгөрсөн долоо хоногийнхоос
хамаагүй хүчтэй цохилт өгөх болно”гэж сүрдүүлсэн тухай DW.com мэдээлсэн байна. Ираны талын
төлөөлөгчдийн тэргүүн Мохаммад Багер Галибаф түүний хариуд “Бид Америкийн сүрдүүлэгт
автахгүй, ярьж буй зүйлээ цэгнэж байж хэлэх хэрэгтэй, манай зэвсэгт хүчин хариу барихадбэлэн
байна” гэж мэдэгдсэн байна. Ираны хэвлэлүүдээр тэдний төлөөлөгчид Трампын сүрдүүлгээс болж
хэлэлцээг орхин явсан гэж мэдээлж байсан ч Өрнөдийн эх сурвалжууд “хэлэлцээ үргэлжилж
байгаа” гэж зөрүүтэй мэдээлж байсан байна. Ер нь өнгөрсөн сар хагасын хугацаанд Ираны тал
хэлэлцээний явцад өөрсдийгөө дөвийлгөсөн, Америкийн талд буулт хийгээгүй, өөрсдийн эрх
ашгийг тэргүүн зэрэгт тавьж АНУ-тай эн тэнцүү харьцаж буй дүр зураг үзүүлж буй тухай хэвлэлээр
сурталчилж байсан нь тэдний нэг талын тактик байсан бололтой. Гэтэл Трамп чухал хүмүүстэй
хэлэлцээнд тун ойрхон ирчихээд байгаа тухай мэдэгдээд байсан билээ. Хамгийн сүүлийн үр дүн юу
гэвэл Катар болон Пакистаны зуучлалаар талууд шөнөжин бараг 18 цаг орчим марафон уулзалт
хийсний эцэст зөвшилцөлд хүрч чадсан гэж ойлгогдож байна. АНУ болон Ираны хооронд
Швейцарийн Бюргеншток амралтын газарт болсон өндөр түвшний анхны үе шатны хэлэлцээ
амжилттай өндөрлөж, талууд ирэх 60 хоногийн дотор эцсийн хэлэлцээрт хүрэх “замын зураглал”-
аа баталлаа. Даваа гаригийн өглөө гаргасан албан ёсны мэдэгдэлд дараах гол шийдвэрүүдийг
зарласан байна. 60 хоногийн замын зураглал буюу хоёр улс 100 гаруй хоног үргэлжилсэн дайныг
бүрмөсөн зогсоох эцсийн гэрээг ирэх 60 хоногт багтаан байгуулахаар тохиролцлоо гэж “Al Jazeera”
дамжуулж байна. Ормузын хоолой ба газрын тосны тухайд эрчим хүчний гол зам болох Ормузын
хоолойгоор худалдааны хөлөг онгоцуудыг аюулгүй нэвтрүүлэх шууд харилцааны шугам нээхээр
болжээ. Мөн Ираны эсрэг тавьсан газрын тосны хоригуудыг цуцалж, царцаасан хөрөнгийг нь
чөлөөлөхөөр урьдчилсан байдлаар тохирсон тухай BBC мэдээлж байна лээ. Ливан дахь цэргийн
ажиллагаа, мөргөлдөөнийг зогсоохын тулд Катар, Пакистаны оролцоотой тусгай “холбоо тогтоох
үүр” (de-confliction cell) байгуулахаар болсон талаар CNN дамжуулсан. АНУ-ын Дэд ерөнхийлөгч
Жэй Ди Вэнс болон Ираны гол төлөөлөгчид Швейцариас явсан бөгөөд энэ долоо хоногийн турш
хоёр улсын ажлын хэсгүүд цөмийн хөтөлбөр, хориг арга хэмжээний асуудлаар “техникийн
нарийвчилсан хэлэлцээг”Швейцарьт үргэлжлүүлэн хийхээр үлдсэн байна. АНУ болон Ираны
хоорондын мөргөлдөөн дипломат аргаар бүрмөсөн зогсох магадлал одоогоор “дундаж буюу
найдвар төрүүлсэн хүлээлттэй” байна. Швейцарийн Бюргеншток дахь уулзалтаар 60 хоногийн
“замын зураглал” баталсан нь маш том дэвшил боловч бүрмөсөн амар амгалан тогтоход дараах
боломжууд болон маш том эрсдэлүүд нөлөөлөхөөр байгааг CNBC анхааруулсан. Үүнд, энхийг
тогтоох боломжтойг харуулж буй хүчин зүйлс нь ажлын хэсгүүд байгуулагдсан явдал болов уу.
Хоёр тал зөвхөн яриад өнгөрөөгүй бөгөөд цөмийн хөтөлбөр, эдийн засгийн хориг арга хэмжээ,
маргааныг шийдвэрлэх тусгай техникийн ажлын хэсгүүдийг албан ёсоор байгуулж, энэ долоо
хоногт үргэлжлүүлэн ажиллуулахаар үлдээсэн. Юуны өмнө АНУ-ын дотоод улс төр болон

Д.Трампын байр суурь байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээ явагдаж байх үед ч
Иранд цэргийн хүчээр цохилт өгөх сүрдүүлэг гаргаж байсан. Түүний энэхүү тааварлашгүй байр
суурь нь 60 хоногийн дотор тохиролцоог нураах хамгийн том эрсдэл байж магад. Ливан болон
Израиль дахь нөхцөл байдал маш чухал хүчин зүйл болоод байна. Ираны дэмжлэгтэй Хезболла
зэвсэгт бүлэглэл болон Израилийн армийн хоорондох мөргөлдөөн газар дээрээ бүрэн зогсох уу,
үгүй юу гэдэг нь энэхүү тохиролцооны хамгийн эхний бөгөөд хамгийн том шалгуур болж байна.
Хэрэв тэнд дахин томоохон мөргөлдөөн гарвал Бюргенштокийн хэлцэл шууд цуцлагдах эрсдэлтэй.
Түүнээс гадна Ираны улстөрчид болон хувьсгалт гвардын хүчнийхэн АНУ-ын амлалтад, ялангуяа
хориг цуцлах асуудалд гүнээ эргэлзэж байгаа тул ямар нэгэн үл ойлголцол гарвал хэлэлцээг орхин
явахад бэлэн байх магадлал бий болов уу. Ойрын 60 хоног дэлхийн геополитикийн хувьд хамгийн
чухал үе байна. Хэрэв энэ долоо хоногийн техникийн хэлэлцээнүүд амжилттай болж, Ливанд гал
зогсоож чадвал мөргөлдөөн бүрмөсөн зогсох магадлал 50 хувиас дээш түвшинд хүрэх болов уу.
Харин Трампын зүгээс шахалт ирэх эсвэл Ойрхи Дорнодод дахин зэвсэгт мөргөлдөөн идэвхжвэл
дипломат ажиллагаа нурах аюултай хэвээр байна. ОХУ, БНХАУ болон Энэтхэг улсууд Ираныг ШХАБ-
ын бүрэн эрхт гишүүн болсныг тууштай дэмжиж ирсэн бөгөөд одоо өрнөж буй АНУ-Ираны
хэлэлцээг анхааралтай ажиглаж байгаа нь тодорхой. Гэхдээ эдгээр гурван гүрний Иранд хандах
геополитикийн ашиг сонирхол, байр суурь нь өөр өөрийн гэсэн онцлогтой. ОХУ Ираныг ШХАБ-д
элсэхийг хамгийн ихээр лоббидож, дэмжсэн улс юм. Ирантай хамтран АНУ тэргүүтэй Өрнөдийн
орнуудын эдийн засгийн хориг, шахалтыг сөрөн зогсох, дэлхийг “олон туйлт” болгох зорилготой.
БНХАУ Ираны хувьд хамгийн том худалдааны түнш бөгөөд ШХАБ-ын гол хөдөлгүүр. Хятад Иранаас
хямд газрын тос тогтвортой авах сонирхолтой. Мөн ШХАБ-ын хүрээнд худалдааг ам. доллараар
биш, үндэсний мөнгөн тэмдэгтээр /юаниар/ хийх замаар АНУ-ын санхүүгийн давуу талыг
сулруулахыг зорьдог. БНХАУ Швейцарийн тохиролцоо, Ираны эсрэг тавьсан АНУ-ын эдийн засгийн
хоригууд цуцлагдахыг бүрэн дэмжиж байна. Энэ нь Хятад-Ираны худалдаа, хөрөнгө оруулалтыг
илүү чөлөөтэй болгох ач холбогдолтой. Энэтхэг улс ШХАБ-ын гишүүн боловч АНУ болон Өрнөдийн
орнуудтай ойр дотно харилцаатай тул хамгийн өвөрмөц байр суурьтай байна. Энэтхэгийн хувьд
Пакистаныг тойрч, Төв Ази болон Орос руу гарах “Умард-Өмнөд” тээврийн коридорын гол
зангилаа нь Ираны Чабахар боомт юм. Тиймээс Ирантай эдийн засгийн хувьд холбоотой байх нь
Энэтхэгийн хувьд чухал. Энэтхэг ШХАБ-ын бусад гишүүд шиг АНУ-ыг шууд буруутгахаас татгалзаж,
илүү төвийг сахисан дипломат байр суурь баримталж буй. Тэд АНУ-Ираны хооронд дайн зогсч,
Ормузын хоолой нээгдсэнд хамгийн их баяртай байгаа бөгөөд энэ нь дэлхийн худалдаа, эрчим
хүчний үнэд сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. ШХАБ-ын гурван том гүрэн Ираныг бүс нутгийн
аюулгүй байдал, тээврийн гол гүүр гэж үздэг. Тэд АНУ-Ираны дайн зогсч, тогтвортой байдал
тогтохыг дэмжиж байгаа ч Орос, Хятад хоёр үүнийг АНУ-ын нөлөөг Ойрхи Дорнодод хязгаарлах
боломж гэж харж байх шиг байна. Гурван сар гаруй үргэлжилсэн энэхүү мөргөлдөөн дэлхийн
эрчим хүчний зах зээлд, ялангуяа газрын тосны үнэ ханшид “хүчтэй савлагаа” үүсгэсэн бөгөөд
цаашдын нөлөө нь Швейцарийн хэлцэл хэр тогтвортой үргэлжлэхээс шууд хамаарах болов уу.
ОУВС болон Эрчим хүчний агентлагуудын дүгнэлтээр энэхүү дайн эрчим хүчний салбарт дараах гол
өөрчлөлтүүдийг авчираад байна. АНУ-ын агаарын цохилтын улмаас Иран дэлхийн газрын тосны
тээвэрлэлтийн 20 хувийг хянадаг Ормузын хоолойг хааж, Ойрхи Дорнодын орнууд олборлолтоо
өдөрт 11 сая торхоор бууруулахаас өөр аргагүйд хүрсэн. Энэхүү аюултай байдлаас болж брент
маркийн газрын тосны үнэ дайн эхлэхийн өмнөх үеэс 30 гаруй хувиар өсч, тавдугаар сар болон

зургадугаар сарын эхээр нэг торх нь 105 ам.долларт хүрч туйлширсан. Швейцарийн Бюргенштокт
АНУ-Ираны хэлэлцээ эхэлж, өнгөрсөн Баасан гаригт Израиль-Хезболла бүлэглэл гал зогсоох
тохиролцоонд хүрснээр зах зээл амсхийж эхэлсэн. Аюулгүй байдлын эрсдэл буурсантай
холбоотойгоор газрын тосны үнэ сүүлийн нэг сард 20 гаруй хувиар унаж, Даваа гаригийн байдлаар
брент маркийн тос нэг торх нь 79.25 – 82.21 ам.доллар орчимд тогтворжих хандлагатай байна.
Хэрэв Бюргенштокийн баталсан 60 хоногийн “замын зураглал” амжилттай хэрэгжвэл эрчим хүчний
үнэ урт хугацаандаа дараах байдлаар өөрчлөгдөх магадлалтай. Ираны эсрэг тавьсан эдийн засгийн
хоригууд үе шаттай цуцлагдвал тэдний газрын тос дэлхийн зах зээлд масс байдлаар нийлүүлэгдэж,
үнэ улам буурах боломж бүрдэж магадгүй. Ормузын хоолой бүрэн нээгдэж, далайн тээврийн
даатгал болон эрсдэлийн өртөг буурснаар шатахуун, дизель болон онгоцны түлшний үнэ дэлхий
даяар тогтворжиж, инфляцын дарамт багасах магадлалтай. Гэхдээ өнгөрсөн гурван сарын
хугацаанд Хятад зэрэг томоохон хэрэглэгчид өөрсдийн гүний нөөцөө ашиглаад дууссан тул ойрын
саруудад газрын тосыг эргүүлэн худалдаж авч нөөцлөх эрэлт нэмэгдэх үйл явц өрнөх магадлалтай.
Үүнээс үүдэн үнэ огцом унахгүй, 75-85 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж шинжээчид
таамаглаж байна.Гурван сарын дайн эрчим хүчний үнийг дээд цэгт нь тулгаж, дэлхий нийтийг
инфляцын хямралд оруулсан ч одоо эхэлж буй дипломат хэлцэл үнийг буулгаж, зах зээлийг
эрүүлжих зүг рүү хөтөлж байна. Хэрэв дипломат ажиллагаа нурвал үнэ эргээд 100 ам.доллараас
давах эрсдэл байсаар байна.

Exit mobile version